Топологичууд барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан хүүхдийн аюулгүй орчны төлөөх сайн дурын ажилд нэгдлээ
- 22 hours ago
- 1 min read

Орчин үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан манай хамт олон баярын мэнд хүргээд зогсохгүй салбарынхаа үнэт зүйлсийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийг зорьж, нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгууллаа.
Энэхүү санаачилгын хүрээнд Нийслэлийн 102 болон 38 дугаар цэцэрлэгүүдийн цахилгаан тоноглолыг шинэчлэх ажлыг өөрсдийн хүч, нөөц бололцоонд тулгуурлан амжилттай хэрэгжүүлэв. Ажлын явцад цэцэрлэгүүдэд ашиглагдаж байсан розетка, унтраалгуудын дийлэнх нь 1980-1990-ээд онд суурилагдсан, олон жилийн ашиглалтаас шалтгаалан элэгдэж хуучирсан, ажиллахаа больсон, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангахааргүй болсон байдалтай байсан юм.
Тиймээс хүүхэд багачуудын өдөр тутам ашигладаг орчны аюулгүй байдал, найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор эдгээр тоноглолуудыг бүрэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Манай компанийн 20 гаруй ажилтан сайн дурын үндсэн дээр нэгдэн оролцож, богино хугацаанд нийт 500 гаруй розетка, унтраалгыг шинэчлэн суурилуулсан байна.
Уг ажлын үр дүнд цэцэрлэгийн анги танхим, коридор болон бусад ашиглалтын бүсийн цахилгаан тоноглолын аюулгүй байдал дээшилж, хүүхэд багачууд илүү найдвартай, эрсдэл багатай орчинд сурч боловсрох нөхцөл бүрдлээ. Мөн багш, ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдах цахилгаан тоноглолын чанар, ашиглалтын найдвартай байдал мэдэгдэхүйц сайжирсан юм.
Барилгын салбарын хөгжил нь зөвхөн шинэ барилга байгууламж барих төдийгүй иргэдийн амьдрах, суралцах, ажиллах орчны чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд оршдог гэж бид үздэг. Иймээс салбарынхаа түүхэн 100 жилийн ойг тэмдэглэхдээ нийгэмд бодит үр өгөөж авчрах, олон нийтийн сайн сайхны төлөөх энэхүү ажлыг хэрэгжүүлсэн нь манай хамт олны хувьд онцгой ач холбогдолтой байлаа.

Цаашид ч бид мэргэжлийн ур чадвар, туршлагаа нийгмийн сайн сайхны төлөө зориулж, хүүхэд багачуудын аюулгүй орчин, боловсролын байгууллагын чанартай дэд бүтцийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах болно. Барилгын салбарын 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн энэхүү сайн дурын ажил нь бидний нийгмийн хариуцлага, бүтээн байгуулалтын соёлыг илэрхийлсэн бодит үйл боллоо.
.png)


